Д.Баярбаатар аварга 1024 бөхийн барилдаанд 3 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн, 512 бөхийн барилдаанд 6 удаа түрүүлж, 10 удаа үзүүрлэсэн, 256 бөхийн барилдаанд 37 удаагийн түрүү авч, их бага найрт 500 гаруй удаа түрүүлсэн. Тэрээр Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суманд төрж өссөн. Эхээсээ ах дүү дөрвүүл, айлын удаах хүүхэд. Бага наснаасаа малын бэлчээрт ишиг хурга, адуу мал хариулж явахдаа айлын хүүхдүүдтэй барилдаж тоглодог байжээ. Ер нь багын их бөхөд дуртай хүүхэд байсан гэнэ. Анх 16 настайдаа 16 бөхийн барилдаанд түрүүлж байв. Түүнээс хойш 20 хэдэн жил барилджээ.
Хүсэл зорилго, хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилтгүй амжилт гэж үгүй. Д.Баярбаатар бөх болохоор шийдсэн тэр цагаас бэлтгэлээ сайн хийж барилдсаар иржээ. Анх 2006 онд Шилийнгол аймгийн хоёр дахь удаагийн цол олгох найр наадамд тэргүүлж аварга цол авсан, 2010 онд Улаанхад хотын Ар Хорчин хошууны хорин хоёрдугаар наадмын бөхийн барилдаанд арав даван түрүүлж байсан. Түүнээс хойш 1024 бөхийн барилдаанд 3 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлээд байна.
Д.Баярбаатар бөхийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулж яваа хүний нэг. Бөхийн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёл заншил, дэг ёсыг нь хадгалах үүднээс 2016 онд Мандахбулаг суманд бөхийн сургууль байгуулсан юм. Сургуульд зөвхөн Шилийнгол аймаг гэлтгүй Өвөр монголын газар бүрээс бөхөөр хичээллэхээр зорин ирдэг бөгөөд нэлээд олон шавь төрүүлсэн юм.
Аварга маань өөрийн бэлтгэлээ монгол ахуйд хээр талдаа ихэвчлэн адуу уургалж, адуутай ноцолдож хийдэг гэнэ. Адуутай бэлтгэл нь хурд, хүч, тэсвэр тэвчээр гээд олон зүйлд бэлддэг. Хөдөө талд хийдэг энэ бэлтгэл нь их сэргэлт өгдөг гэж ярьж байлаа.
Д.Баярбаатар Үзэмчин нутгийн бөх. Үзэмчин бөхийн үргэлж хэрэглэдэг хувцас засал чимэглэлд зодог, өмд, гутал, туушуу, хүлээ, савслага, хормойвч, зангиа зэрэг ордог.
Д.Баярбаатар, “Манай бөхийн зодгийг яс чанар сайтай булгаар эсвэл гүйцэд тэлж элдсэн үхэр, тэмээ, буга, хандгай зэрэг том амьтны ширээр хийдэг. Түүн дээрээ мөнгөн товруу хадаж гоёдог. Өмдний хувьд бөхийн сүр бярыг илтгэх хувцас гэж хэлж болохоор олон давхар хуниастай. Гол үүрэг нь доогуур хийх мэхийг нууж байдаг, зохих хэмжээнд биеэ хамгаалахад ашигтай хос хэрэгцээт хувцас юм. Өмдний өвдгөнд туушуу уядаг. Туушууг шинэхэн барилдаж байгаа бөхчүүд улаан, хүрэн, цэнхэр зэрэг хурц өнгөтэй торгоор ихэвчлэн хийдэг. Харин олон найр наадамд түрүүлсэн нэр цуутай бөхчүүд олон зүйлийн торгон дээр дөрвөн хүчтэн зэргийг дүрслэн наамал хатгамал хатгасан нь элбэг байдаг. Хүзүүнд зүүдэг зангиа нь хэдийгээр засал чимэглэл боловч тогтсон дэг ёстой. 1024 бөхөд нэг түрүүлж, 512 бөхөд хоёр түрүүлж, 256 бөхөд дөрөв түрүүлснээр нэг зангиа авдаг. Зангиа нь нар, тэнгэр огторгуй, газар, галыг бэлгэдсэн өнгөтэй байдаг гэж бөхийнхөө онцлог, соёл дэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм.
Д.Баярбаатар бөхийн төдийгүй монгол соёлын өвийг нэр хүндтэй тээн дэлгэрүүлж яваа соёлын өв тээгч билээ. 2017 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Баярбаатар аваргад “Алтан гадас” одонгоор шагнасан. Өвөр монголын алдарт их аварга, энэ эрин цагийг эзэлсэн энгүй хүчтэнд зориулсан дуу бий. Дууг сийрүүлбэл...
Мандах наран туяараад байна
Мал сүрэг нь бэлчээд байна
Мандахбулагийн Баярбаатар
Магшиж гараан хаяад байна
Өргөн тал нь хотолзоод байна
Өнгийн цэцэгс мяралзаад байна
Үзэмчин хошууны Баярбаатар
Өсгийдөж татаад хаяад байна
Ай хө
Ардын наадмын аварга бөх...