Хятадын Төвийн үндэстний их сургуульд энэ сарын 20-нд Бээжингийн монголчуудын 38 дахь наадам амжилттай болж өнгөрлөө. Наадмын үйл ажиллагаанд найман муж орны монголчуудаас гадна Монгол Улсын хүндтэй зочид төлөөлөгчид ирж оролцсон юм.
Наадмын үйл ажиллагаа Бээжин хотод ажиллаж амьдарч буй монгол үндэстний баярын жагсаалаар эхэлж хурсан олны нүдийг баясгалаа. Тэртээ 38 жилийн өмнө 1981 онд хамгийн анхны наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцож, хичээл зүтгэл гаргаж байсан ахмад сэхээтнүүд “Тухайн үед бидний эхлүүлж байсан үндэсний баяр наадам өнөөдөр өргөн олныг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгааг харахад үнэхээр сайхан байна” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байлаа.
Энэ удаагийн наадамд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шатар, олс таталт, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдсон юм. Хүчит бөхийн барилдаанд Өвөр монголын Улаанхад хотын Баарин баруун хошууны бөх Чинзориг түрүүлэв.
Бээжингийн монголчуудын наадам хэдийгээр хотын хэв маягтай болдог ч үндэсний дээл хувцсаараа гоёсон наадамчин олон аав ээж, ах дүү, садан төрөл, анд найз нөхөдтэйгөө хамт зүлэг ногоон дэвжээн дээр тухлан сууж монгол хэл, соёл түүхээ ярихыг харахад таатай байлаа. Намрын налгар энэ өдөр Бээжингийн монголчууд дэнж хотойтол сайхан наадлаа.