Зуны шөнийн бороонд шөнөжин угаагдсан Хөххотын Сайхан дүүргийн Шюефү хотхон онцын цэвэрхэн харагдана.
Өглөө эрт хотхон доторх ухаалаг хогийн савын дэргэд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах сурталчилгааны ажилтан иргэдэд хог хаягдлыг хэрхэн ялгахыг тайлбарлан, хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах үйлчилгээний карт авахад нь тусалж байв.
Хоёр цагийн дотор 37 айл хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ухаалаг үйлчилгээний карт нээлгэсэн байна. Сү Минь уг картыг нээлгэсэн эхний хүмүүсийн нэг болж байсан юм. Гуравдугаар сараас өнөөг хүрэхэд түүний бонус 1600 болтлоо өсчээ. Тэрээр хэлэхдээ “Хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах нь дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг учраас зайлшгүй шаардлагатай. Байгаль орчинд ээлтэй, иргэд болон төр улсдаа ч ашигтай” хэмээн ярьсан юм. Энэхүү ажлыг эхлэхэд бэрхшээл их байсан ч нэгэн үзүүрт сэтгэлээр хийвэл болохгүй зүйл гэж үгүй билээ.
Хөххот нь ӨМӨЗО-оос Хятад улсын хэмжээнд эхний ээлжийн хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах 46 гол хотуудын нэгд орсон хот болно. Энэ оны сүүлч гэхэд хотын олон нийтийн байгууллага, ЕБС, цэцэрлэгүүд бүгд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж, 2020 оны сүүлч гэхэд хог хаягдлын дахин ашиглалтыг 35-аас дээш хувьд хүргэх юм.
Хөххотод хог хаягдлыг төрөлжүүлэх ажил үр дүнтэй өрнөж байна. Одоогийн байдлаар хотын хэмжээнд 884 олон нийтийн байгууллага болон 235 хотхон, 148 сургуульд хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах ажил хийгдэж байна. /Өвөр Монголын өдрийн сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч: Ань Яньдүн, дадлагын оюутан Ван Жячэн, Сүн Фэн/